2011-05-12
ТОРГУУД

Ойрадын мандах цагт тэдний холбоонд багтаж байсан торгууд аймгийн тэргүүлэгч Хоо өрлөг XVII зууны эхээр Цорос /өөлд/ зэрэг бусад аймгийн толгойлогчтой эвдрэлцэн харъяат албатаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан байна.

Тэнд очсон торгуудууд Орос улстай найрсаг харилцан, XVIII зууны эцэс хүртэл бие даасан аймаг улсын байдалтай байлаа.

Торгуудын нэг хэсэг нь хуучин нутаг Тарвагатайн газраа Зүүнгарын улсын мэдэлд захирагдан суусан бөгөөд XVIII зууны дунд үес Зүүнгар улс мөхөж Манж нар Ил Тарвагатайн монголчуудыг байлдан дагуулах үед тэнд нутаглаж байсан торгуудын тайж Шийрэн 1758 онд албат 10000 өрхөө дагуулан Ижилд одож тэнд хориод жил суусан байна.

Торгуудууд 1771 оноос эхлэн одоогийн нутагтаа байрлан суурьшсан бөгөөд 1783 оноос Хөсөц уул, Хар хэмээх газрыг цагдан байцаах харуулд суух болсон ба тариалан, мал аж ахуй, ан гөрөө эрхлэн амьжирч иржээ.

Торгууд хошуунууд нь 1912 оноос Богд хаант монгол улсад дагаар орж харъяалалд нь багтаж байгаад Ардын засгийн үед 1925 оноос Ховдын сайдын газар захирагдан Чандмань уулын аймагт давхар хамаарагдаж байв.

1929 оны 11-р сард торгууд хошууны төлөөлөгчид, ардуудын хамтарсан анхдугаар хурлаас торгуудын гурван хошууг нэгтгэж Булган мандал бүрэн хан уулын хошуу хэмээн нэрийдэж, тамгын газрыг баян судал гэдэг газар суурьшуулахаар тохирсон байна.

1931 оноос Ховд аймгийн харъяат Булган сум гэгдсээр одоо хүрчээ.

Булганы торгуудын дотор Шаранхуд, Баргас, Бургуд, Шарнууд, Хэнгэрид, Хэрэйд, Шарас Замад /яамад/ Мэргэд, Хойд, Хотдууд /хасгууд/, Бурдууд, Хошууд /Авжийнхан Багшийнхан, Баатад, Егөс/ Гучин өрх зэрэг овгууд бий.

Булган голын торгууд хошууны нутагт сүүлд ирж нутагласан ястан угсаатан гэвэл Ховог сайрын торгууд, цөөн тооны хасаг болно.

Ховог сайрын торгууд нь Ховог гол, Сайр хэмээх уулаар нутаглан сууж байсан бага Цоохорын торгууд гэгч болно.

Их Цоохорын торгууд гэдэг нь Харшаар, Эрээн хавирга гэдэг газар 54 сум болж байжээ.

Түүнээс гадна Ил гэдэг газар 14 сум торгууд бий.


Бичсэн: tulgaa | цаг: 14:36 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих