2011-05-12
ЗАХЧИН

Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна.

Захчингууд 1754 онд Манжид эзлэгдэж Халхын Засагт хаан аймгийн гүн Цэвдэнжавын харъяанд хэсэг зуур захирагдаж байгаад 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж, нэгэн хошуу дөрвөн сум болгон, язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ.

Маамад нь хошой чин вангийн зэрэг, сэцэн тайж гэж алдаршсан заргач Хүнгүйн ач болно. 1775 онд дээрх захчин хошууг мөнөөхөн Цэвдэнжавын харъяанаас гаргаж Ховдын амбанд захируулсан бөгөөд 1801 оноос Ховдоос Гучен хот уруу залгамжилсан өргөөний албан хаах болжээ.

Манжийн ноёрхлын үед захчин хошуу дараах 4 сум болж байв.

Үүнд:

Захчин даагийнх нь

1. Бичгийн мээрэнгийн сум (Ховд Манхан)
2. Гүүж зангийн сум (Ховдын мөст)
3. Балжинням захирагчийн сум (Зэрэг Манханы хагас)
4. Жанцандаржийн сум буюу хойд сум (Манхан) Хошууны төв нь Хойд сумын нутаг Төгрөгийн хүрээн дээр (Манхан) төвлөрч байв.

Захчин нөгөө хошуу нь Гүний Хошуу (Үенч) болно. Энэ хошууны төв Үенчийн цагаан Түнгэ гэдэг газар оршиж байсан байна. Захчин хошууны гүнгүүд нь: Бөх Маамад, Жалцан, Менетиш, Тогтбат, Цээрэнбазар гүн гэж байжээ.

Захчины даа нар нь: Жанавагдаа, Дансран, Сүрүмгой, Цэдэндорж, Шажинбат, Хува, Сүх, Зантуу, Далантай, Нямдэлэг, Самбуудаа эдгээр болно.

Захчин гүний хошуунаа 1762 онд захчин Даагийн хошуунд Төгрөгийн дацан байгуулагдан, 1808 онд Бодончийн дацан, 1838 онд Зэрэгийн дацан тус тус бий болжээ.

Богд хаант Монгол улсын үед захчин хошууд нь Дөрвөдийн Үнэн зоригт ханы аймагт харъяалагдаж явжээ.

Захчины умард хошууг шилийнхэн, өмнөд хошууг говийнхон гэлцдэг. Захчин нь 16 тамгатай 30 орчим овог (элхэн) болох бөгөөд тэдгээр нь одоогийн Ховд Алтай, Үенч, Зэрэг Манхан, Мөст сумнаа тархжээ.

Үүнээс зарим овгийг дурдвал Донжооныхон, Данжааныхан (Үенч, Алтай) Шурдаанхан, Баярынхан, Эмчийн хэн (Алтай сум), Хэрэйд, Цагаан яс, Аатынхан, Бурд тариачин, Адсангынхан, Тавагзааныхан, Нохойнхон, Хотонгууд (Зэрэг, Манхан, Мөст, суманд) бас Хурмуштынхан, Мухлайнхан гэх мэт элхэнүүд байжээ.
САНАЛ ХҮСЭЛТЭЭ СЭТГЭГДЛЭЭР ИЛГЭЭНЭ ҮҮ?


Бичсэн: tulgaa | цаг: 14:39 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих