2011-05-12
ХОЙД-ГОЙД

Үүнээс халхын хойгуур онцгойлон суулгасан хэмээх утгаар ”Онцгой - Хойд” буюу “Хойд -  Гойд” гэсэн үгнээс “Хотогойд” гэдэг нэр гарсан бололтой. Учир нь гэвэл хотгойдын дээдэс Хойд аймгийг XҮI зууны сүүлчээр (1580 хэдэн онд) Халхын засагт хан Лайхур довтлон албатан болгож халх нутагт суулгаснаар хотогойдын үүсэл гарсан байна.

Тийнхүү Халхын бүрэлдхүүнд багтсан хойдуудыг Дөрвөн Ойрадын холбооны үндсэн хойдуудаас ялган “Хойд - Хойд”,”Онцгой - Хойд” гэж нэрлэсэн болов уу.

Хотогойд нь XVI зууны эцэс XVII зууны эхээр Халхын Засагт хан аймгийн нутгийн баруун хойд этгээд Хөвсгөл нуураас Увс нуур өнгөртөлх өргөн зурвас газар нутагшин суусан бөгөөд энэ газар нь тухайн үед нэлээд чөлөөт нутаг байжээ. Хотогойдыг захирагч Гэрсэнз хунтайжийн ахмад хүү Ашихай дархан хунтайжийн дэд хүү Түмэндар дайчингийн удмын хүчирхэг ноён Шолой уваш хунтайж (1567 - 1627) нь өргөн уудам газар эзэмшин, эдийн засгийн хувьд ихээхэн хүчирхэгжиж ирэх сацуу Халхын баруун гарын тэргүүлэгч үеэл ах Лайхурын мэдлээс гарч толгой даах бодлого явуулсан бөгөөд түүний нутгийн хил хязгаар нь зүүн тийш Сэлэнгэ, Тамирын эх баруун зүг Алтай, Красноярск хүрч байжээ.

Хотогойдын энэ биеэ даасан байдлыг тэр цагт нутгаа тэлж байсан Орос улс ихээхэн сонирхож Шолой уваш хунтайжтай холбоо тогтоон түүгээр дамжин Мин улстай харилцах дөт замыг эрэлхийлж, нөгөө талаар монголчуудтай найрсаг харилцаатай байж, Орос Монголын завсар бүхий түрэг аймгуудыг эрхшээлдээ оруулах улмаар Монголд нөлөөлөхийн тулд Хотогойдын ноёдыг “Алтан хан“ хэмээн өргөмжлөн тэднийг өөртөө татах оролдлогыг хийж байв.

Мөн Шолой уваш ч гэсэн хөршлөн орших Орос улстай худалдаа хийх Монголын бусад улс аймагтай тэмцэлдээ Оросыг түшиг болгох эрмэлзэлтэй байв. Чухам иймээс Орос улс Хотгойд хоёр элч солилцон холбоо тогтоожээ.

Хотогойдыг захирсан Чингисийн угсааны феодалууд эрт (1587 онд) ойрадуудад ялагдсан ялагдлынхаа өшийг аван өрнөд Монголыг нэлд нь өөрсдийн эрхшээлд оруулан газар нутаг албат иргэдийнхээ тоог нэмэгдүүлж сүр хүчээ бадруулахын үүднээс 1620-оод оны үед ойрадтай нэлээд удаа дайтжээ.

Ойрад - Хотогойдын эдгээр эвдрэл хямрал нь гагцхүү 1634 онд Ойрадын төрийн толгойд суусан Хар хулын хүү Баатар хунтайж, 1630 онд Хотогойдын Шолой уваш хунтайжийн орыг эзлэн суусан Бадам-Эрдэнэ хунтайж (Омбо-Эрдэнэ)-ийн үед нэлээд удаан хугацаанд намжин байсан авч 1657 онд Ойрадын хаан Сэнгэ Хотогойдыг цэрэглэн дайрч, Хотогойдын цэргийг даржээ.

Үүний дараа Ойрадын хаан ор суусан Галдан бошигт, урьд Ойрадад олзлогдсон Лувсан тайж (Лувсан-ринчен хунтайж) -ийг суллаж дагуулан, улмаар Галдан Халхад нөлөөгөө ахиулахын тулд Засагт хантай найрсаг холбоо тогтоохын үүднээс Засагт ханы мэдэлд өвөг дээдэст захирагдаж явсан Хотогойдыг Засагт ханы мэдэлд өгснөөс хойш өөрөө бусдыг захирах буюу тэдний хараанаас ангид байх эрмэлзэл бүхий Хотогойд ноён Лувсанринчен Засагт хан болон ойрадын Галдан бошигт нарын аль алинтай нь үл тохирон 1685-86 оны үед хэсэг (1000) албатаа дагуулан Хөхнуур амдууд зайлан одож 1686 онд Манжид шурган орсон бөгөөд 1690 онд Өвөр монголын нутаг Улаанбудан гэдэг газар манж ойрадын хооронд болсон их тулалдаанд манжийн талд орон Галданбошигттой байлдсан ба үүний дараа 1696 онд Манжийн цэргийн хуйранд өвчнөөр нас барж түүний дагуулж аваачсан Хотогойдын 1000 гаруй албат иргэдын зарим нь ойн сарнисан ба нэг хэсэг нь 1709 онд нутагтаа эргэн иржээ.

Энэ түүх бол ойрадын баруун зүгт Тарвагатайн газар шилжиснээс хойш тэдний нэгэн хэсэг нь Халхын эзэмшил болж байсан үеийн явдал бөгөөд тэр цагт Ойрадуудын Хойд нар Увс Ховдын газар зонхилон нутаглаж Халхчуудтай холилдон байршсан нэгэн чухал түүхэн үе болно.

Энэ үеийн Зүүн гарын улсын бүрэлэхүүнийг Манжийн тэнгэр тэтгэсэн хааны (1716-1795) Богд сургаалд дурдагдснаар Зүүнгарын Дөрвөн Ойрад гэгч Чорос аймаг, Дөрвөд аймаг, Хошууд аймаг, Торгууд аймаг мөн. Хойд бол угаас дөрвөд аймагт хавсрагджээ. Хожим торгууд аймаг Орост дагасан учирт тийнхүү Хойдыг нэг аймаг болгов гэжээ. Харин Халхын Засагт хан аймгийн харъяат хойд (Хотогойд) нь мөнөөхөн Шолой уваш хунтайжийн хөвгүүн Гэндэнг 1786 онд болсон Хүрэлбичирийн чуулган дээр засаг болгосноор хошуу болжээ. 1688 онд Галдан бошгот Халхыг довтолоход Гэндэн тайж харьяатаа авч Сэлэнгэ мөрөнд зайлан сууж 1694 онд Чин улсад дагаар ирсэнд төрийн бэйл болгожээ.

Чингээд Гэндэн бэйлийн үр сад Бүүвэй бэйл, түүний хүү Банди бэйлийн хүү Шадар ван Чингүүнжавын харъяат Хотогойдод халиучин, Тоос, Их Хотогойд (хойд), Бага Хотогойд (хойд), Шээжнүүд мянган (мянгад) зэрэг овог отог байсан байна. Шадар ван Чингүнжав 1737 онд хошууны засаг Банди бэйлийг залгамжилсан боловч 1757-1758 онд Халхад гарсан эрх чөлөөний зэвсэгт тэмцлийг толгойлсон тул, түүнийг цаазаар аваачин, хошуу засгуудыг Чингүнжавын дүү Эринчингийн удмаас тавьж, Чин улсад үнэнч зүтгэсэн эсэхээр нь зэрэг хэргэм хүртээжээ. Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу нь Хотогойдын гол хошуу бөгөөд түүнээс салбарлуулан тасалж таван хошуу болгосон ажээ.

Эрдэнэдүүрэгч вангийн 1918 оны байдлаар өрх 1428, хүн ам 4179 байжээ. Энэ хошууны хүн амын дотор башгид хэрдэг, мянгад, хотогойд, хигис, цувдаг, тоос, орхид, дархад, боржгин, мудар (матар), онход зэрэг овгууд байдаг байна.Ийнхүү Хотогойд нь XҮI зууны сүүл үеэс халхчуудтай хутгалдан сууж, түүхийн элдэв шалтгаанаар өөлд, урианхай зэрэг яс овогтой холилдон бүрэлдэж халхажсан ойрад (хойд) удмын ард болно.
Бичсэн: tulgaa | цаг: 14:42 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Их таалагдлаа. чи шүү
энэ мэдлэг тань сурагчдад хүртээл болж мэдлэгийг нь өргөжүүлэх болтугай. Хичээгээрэй. 14-р сургуулийн багш Р.Отгончимэг
Бичсэн: Зочин цаг: 13:58, 2011-05-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих