2011-05-12
ДАРХАД

Дархад нутагт хүрэл зэвсгийн үеэс эртний овог аймгууд нутагласнаас нааш XVIII зууны үе хүртэл янз бүрийн угсааны овог аймгууд ирж суурьшсанаар XVIII зууны дунд үеэс нэгэн ястан үүсэх сурвалж бий болж XIX зууны сүүлч, XX зууны эхээр ястан бүрэлдэх явц төлөвшиж ястны өвөрмөц шинжийг олсон ажээ.

Дархадын овгуудын бүрэлдэхүүнийг ажиглавал : Хар дархад, ухаа дархад, шарнууд, барнууд өөлд, чонод цагаан зоот (чооду), хар зоот, шар зоот, маанжираг, буриад, кариад, хоролмай, урад, сөнөд, харнууд, ойнад, илжигэн, цагаан хуулар, ногоон хуулар, хар хуулар, хиргис, соён, хар соён, эрхид, онход, балигч, уйгур, хаасууд, цахар, манхлаг гэсэн 32 овог байгаагаас монгол угсааных нь: хар дархад, ухаа дархад, шарнууд, барнууд, чонод, сөнөд, ханууд, маанжраг, манхилаг, хариад, онхот, илжигэн, ойнод, цахар, буриад, өөлд яс болох ба үүнээс хар дархад нь халх хамниганы холимог гаралтай ажээ.

Түрэг угсааны овог нь соён, хуулар уйгур, хиргис, эрхит, балыг хоролмай зэрэг яс болохын дээр зоот, хаасууд овог нь нэн (самоди) угсаатанд хамаарагдана.

Ийнхүү дархад ястан нь монгол овог голлосон түрэг, нэн угсаатны холимог гаралтай байна. Дархад хэмээх нэр нь тэдний нэгэн болох Дархад овгийн нэрнээс гарчээ.

Дархад овог нь хар дархад, ухаа дархад гэсэн хоёр яс болохын дээр хар дархад нь Богдод анх шавь болсон улс бөгөөд сүүлд эд нар Хараа, Ерөөд нутаглаж байгаад Шишгидэд эргэн очиж нутаглан суугаад Жавзундамба хутагтад үслэг алба залгуулдаг дархлагдсан шавь нь болж, улмаар бусад яс овгийнхон нь түүнийг дагалдан шавийн бүрэлдэхүүнд орж тэднийг нийтэд нь дархад шавь нар гэх болжээ.

Тийнхүү Хөвсгөлийн урианхайн хязгаарт дархад шавь үүссэнээс хойш энэ нутгийн Дүүрэгч вангийн хошууны урианхай отог, дархад шавь нарын хооронд газар ус, бэлчээрийн талаар баахан зөрөлдөөнтэй болсон авч Дархад нь зундаа Шишгидийн сав газар, өвөлд нь Агар, Өэлтэс, Алтрга, Мөрөн зэрэг газраар нутаглан урагш хойшоо нүүдлэн аж төрөх болжээ. 
Бичсэн: tulgaa | цаг: 14:30 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих