2011-04-13
Уйгур улс

Уйгур бол эртний алтай хэлний бүлэгт багтах түрэг угсааны нүүдэлчин ард түмэн юм. Эртний хятад сурвалжид уйгуруудын өвөг дээдсийг МЭӨ III зууны үеэс Динлин, Дили, Тэлэ, улмаар V зууны үеэс Уйгур (Хуйху) хэмээн нэрлэх болжээ. Мөн тэд өндөр дугуйтай тэрэг хэрэглэдэг байсан учир гаогюй буюу өндөр тэрэгтнүүд гэж нэрлэгдэх нь ч байв. VIII зууны дундуур /40-өөд онд/ Пейло хэмээх ханы үед уйгурууд Түрэгийн хант улсыг мөхөөж, Уйгур улсыг байгуулжээ. Уйгурын ханы орд өргөө нь Орхон голын хөндийд Байбалык (Хар балгас) хэмээх хот байжээ. Уйгарын хаант улсын бүрэлдэхүүнд олон тооны монгол, түрэг хэлтэн аймгууд багтан орсон бөгөөд тэд нийгэм эдийн засаг соёлын хэм хэмжээний хувьд өөр өөр байжээ.

Пейлогийн дараа хан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжиж, газар нутгаа өргөтгөсөн байна. Уйгурын газар нутаг умар зүгт Байгал нуур, өмнө зүгт Их элсэн говь хүртэлх өргөн уудам болжээ. Уйгурын хант улс 840 онд Енисейн киргизүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ.

Уйгурууд Монгол нутагт тогтож байсан олон аймаг, улсын соёлыг залган хөгжүүлжээ. Уйгурын соёлын том амжилт бол өөрсдийн бичиг үсэгтэй болж, ном зохиол туурвин, гадаад хэлнээс судар шастир орчуулж байсан явдал мөн. Уйгурууд эхэн үедээ түрэг бичиг хэрэглэж байсны ул мөр нь Сэлэнгийн чулуу, Сүүжийн бичээс гэгдсэн дурсгалууд юм. Уйгурууд төр улсаа байгуулсны дараа соёлын харилцаа нь өргөжиж, бусад өндөр соёлтой улс орнуудаас соёлын нөлөөг нь тусган авч байв. Уйгурын соёлд согд нарын нөлөө багагүй байсан ажээ.Тухайлбал, уйгурууд согд бичгийг авч, өөрийн хэлний аялгуунд зохицуулан хэрэглэсэн нь түүхэнд уйгур бичиг хэмээн алдаршсан.
Уйгаруудын дунд түрэгийн адил уран дархан ихээхэн хөгжиж, мэрэгжлийн төмөрчин, цутгуурчин, алт мөнгөний дархад, чулуучин, барилгачин, нэхмэлчин байжээ. Уйгурчууд хот балгад барьж байгуулах талаар бусад нүүдэлчдээс нэлээд урагш ахисан байжээ. Мөн тэд манихейн шашныг дэлгэрүүлж, согд гар урчуудыг ашиглан сүм дуган барьдаг байжээ. Ер нь Уйгурын соёлд нүүдэлчдийн хуучин уламжлалыг хадгалахын зэрэгцээ хот суурин соёлын нөлөө урьд нүүдэлчдийнхээс илүүхэн тусч байснаараа онцлогтой юм.
Шашин шүтлэгийн хувьд тэдний зарим хэсэг нь буддийн сургаалийг дэлгэрүүлж байжээ. VIII зууны сүүлчээс уйгаруудад манихейн шашин нэвтрэн орж, 763 онд манихейн шашныг төрийн шашин болгон тунхагласан ба X зууны үед уйгарын зарим хэсэг несториан сургаалыг баримталсан христосын шашныг авч дагасан боловч ихэнх уйгарууд бөө мөргөлтэй хэвээр үлджээ. 


Бичсэн: tulgaa | цаг: 12:45 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих