2011-04-15
Нарны аймаг
Нарны аймаг

Нарны аймаг нь нар болоод түүнийг тойрог хэлбэрийн замаар тойрон эргэх 8 том гариг, тэдгээрийн мэдэгдэж буй 166 дагуулууд, 4 одой гариг, хэдэн тэрбум гариганцар, Күперийн бүсийн мөсөн биет, солир, мөн гариг хоорондын тоос зэргээс бүрддэг.

Дүрслэн хэлбэл, Нар, түүнийг тойрсон хатуу гадарга бүхий дөрвөн дотоод гариг, солирын бүс, хийн бүтэц бүхий аварга дөрвөн гадаад гариг, салангид орших тойрог хэлбэрийн Күперийн бүс, таамаглал төдий байгаа Оортын үүл зэргээс бүтнэ.

Тогтмол урсан гарах цэнэгт хэсгүүд /нарны салхи/ нь бөмбөлөг хэлбэрийн хелиосферийг үүсгэдэг. Энэхүү хелиосферийн хил хязгаар нь Күперийн бүсээс гадна төгсөдөг бөгөөд гадна хэсэгтээ устөрөгчийн хана буюу бүрхүүлийг бий болгодог байна. Устөрөгчийн хана нь нарны аймгийг глактикийн хөнөөлт туяанаас хамгаалдаг ажээ. Хелиосфер нь дэлхийгээс ойролцоогоор 400 астрономын нэгж зайтай оршдог. Астрономын нэгж /а.н/ гэдэг нь дэлхийгээс нар хүртлэх зай буюу 149,6 сая километр гэсэн үг юм. Дашрамд сонирхуулахад манай дэлхийн дагуул Сар нь дунджаар 384399 км зайтай оршдог.

Ингээд нарны аймгийн 8 гаригаа нарнаас холдох байдлаар нь жагсаавал: /хаалтанд байгаа нь одой гаригууд бөгөөд мөн л нарнаас холдох байдлаар жагсаав/

  • Буд Mercury
  • Сугар Venus
  • Дэлхий Earth
  • Ангараг Mars
  • /Серес/ Ceres
  • Бархасбадь Jupiter
  • Санчир Saturn
  • Тэнгэрийн ван Uranus
  • Далайн ван Neptune
  • /Дэлхий ван/ Pluto
  • /Макимаки/ Makemake
  • /Эрис/ Eris
Ер нь бол одоогоор нээгдээд байгаа хамгийн багадаа 41 одой гариг байгаа бөгөөд эдгээрийг жинхэнэ одой гариг уу, эсвэл гариганцар уу гэдгийг тодруулах шаардлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар дараах гурван гариг одой гариг ангилалд орох магадлал маш өндөр байна.
  • Седна Sedna
  • Оркус Orcus
  • Квавар Quaoar

За ингээд дээрх гаригуудыг Дотоод ба Гадаад гаригууд гэж ангилдаг.

Дотоод гаригууд:

Буд:

Буд нь наранд хамгийн ойр /0.4 а.н/ орших жижиг гариг юм. Дэлхийн массын 0.055-тай тэнцэнэ. Энэхүү гариг нь өөрийн гэсэн дагуул байхгүй. Агаар мандал бараг байхгүй. Хатуу гадаргуу бүхий энэхүү гариг нь маш “үрчгэр” гадаргуутай. Энэ нь тухайн гаригийн хэзээ нэгэн цагт идэвхитэй байсан дотоод хүч, мөн гадны цохилтоос болж үүссэн. Маш том төмөр цөмтэй, харин маш нимгэн мантитай гэж тогтоосон. Гадаргын температур +67 цельсийн хэм.

Сугар:

Сугар нь нар талаасаа 2 дахь гариг буюу нарнаас 0.7 а.н зайд оршино. Дэлхийн масстай маш ойролцоо /0.815/ жинтэй. Нимгэн цахиур манти нь төмөр цөмийг бүрхэн оршдог. Тогтвортой агаар мандалтай. Хэдийгээр нарнаас 0.7 а.н зайд оршдог боловч манай нарны аймгийн хамгийн халуун гариг юм. Түүний гадаргуугийн температур +461 цельсийн хэм байдаг. Энэ нь агаар мандал дахь хүлэмжийн хийтэй холбоотой юм. Хүлэмжийн хий нь нарнаас ирэх дулааныг дотогш дамжуулах авч, харин гадагш дамжуулалгүй яг л хүлэмж шиг нөлөө үзүүлдэг.

Дэлхий:

Эх дэлхий маань нарнаас 1 а.н зайд оршдог. Одоогоор мэдэгдээд байгаа цорын ганц геологийн идэвхи бүхий гариг. Мөн мэдээж амьдрал бүхий цорын ганц нь. Бусад хатуу гадаргатай гаригууд дотроос усан давхрагатай нь зөвхөн дэлхий. Бас нэг цорын ганц нь: одоо мэдэгдэж байгаа гаригууд дотроос зөвхөн манай дэлхий л тектоникийн хавтантай. Бусад гаригуудын агаар мандлаас эрс ялгаатай нь 21%-ийн чөлөөт хүчилтөрөгчтэй. Байгалийн нэг дагуул сартай бөгөөд сар нь хатуу гадаргуу бүхий гаригуудын хамгийн том дагуул юм. Гадаргуугийн дундаж темпратур +14 цельсийн хэм.

Ангараг:

Ангараг гариг нь нарнаас 1.5 а.н зайд оршино. Дэлхийн массын 0.107-той тэнцэнэ. Радиусын хувьд дэлхийгээс бага. Сийрэг агаар мандлынх нь ихэнхи хувийг /95.72%/ нүүрсхүчлийн давхар исэл эзэлдэг. Уг гариг дээр байх Олимп уул нь манай нарны аймгийн хамгийн өндөр уул /26 км/ юм. Түүнийг мөн “Улаан гариг” хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү улаан өнгө нь хөрсөнд нь маш баялаг байх төмрийн ислээс үүсдэг ажээ. Ангараг нь байгалийн 2 дагуултай бөгөөд нэрс нь Фобос, Деймос. Эдгээр дагуулууд нь бөмбөрцөг биш хэлбэртэй бөгөөд гариганцар гаралтай. Ангарагийн гадаргын дундаж температур нь -46 цельсийн хэм.

 

Эдгээр 4 гариг нь дотоод гаригууд бөгөөд үүний гадуур Солирын бүс оршдог.

Сэтгэгдэл (0)

Бичсэн: tulgaa | цаг: 21:05 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих