2011-04-08
Үйлдвэрэлийн хүчин зүйлсийн тухай

7.1 Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн тухай

Аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлчилгээ явуулахад тодорхой хэмжээний хүчин зүйлсийг зайлшгүй ашигладаг. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс гэдэг нь үйлдвэрлэлд хэрэглэгдэх төрөл бүрийн нөөцүүд юм. Эдийн засаг онолд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг :

1. Хөдөлмөрийн нөөц

2. Газрын нөөц

3. Капиталын нөөц

4. Аж ахуйг эрхлэн хөтлөх арга ухаан гэж хуваан үздэг.

Өрхийн аж ахуйн ба пүүсийн уялдаа:

l Өрхийн аж ахуйн нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн өмчлөгч буюу нийлүүлэгч, пүүс нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн ашиглагч буюу хэрэглэгч.

l Өрхийн аж ахуй үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг зах зээлд нийлүүлж орлого олно. Пүүс нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг ашигласаны төлөө төлбөр төлнө.

l Өрх, аж ахуйн бэлэн бүтээгдэхүүнийг худалдан авч төлбөр төлнө. Пүүс нь бэлэн бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлж орлого олно. /Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн нөөц өөртөө хэрэглэхийн тулд биш түүнийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор худалдан авдаг./

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах зээл нь бүтээгдэхүүний зах зээлтэй төстэй тул эрэлт нийлүүлэлтийн онолын дагуу тодорхойлогдоно. Нөөцийн үнэ тогтооход хүчин зүйлсийн эрэлт нийлүүлэлтийн тоо хэмжээнээс гадна төрийн бодлого, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн сонирхол нөлөөлдөг. Хүчин зүйлсийн зах зээл гэдэг нь хөдөлмөр, капитал, газрын зах зээл юм.

Гэхдээ үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ эрэлтийн түвшинд нөлөөлдөг 2 үндсэн хүчин зүйл байдаг.

l Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ нь үүсмэл шинжтэй байна. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс эцсийн хэрэглэгчийн хэрэгцээг шууд хангахгүй харин пүүсийн тусламжтайгаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэсэнээр дам байдлаар хангана.

l Дээрх үйлдвэрлэлийн хүчин зүйлс хоорондоо технологийн болон эдийн засгийн хувьд уялдаа холбоотой байна. Эдгээр нь салангад тус тусдаа үйлдвэрлэлд хэрэглэгдэхгүй. Үйлдвэрлэлийг үр ашигтай явуулахын тулд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг тодорхой харьцаатайгаар хослон хэрэглэнэ. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс тус бүр эрэлт зөвхөн өөрийнхөө үнийн түвшингөөс хамаараад зогсохгүй бусад хүчин зүйлсийн үнээс шалтгаална.

Ямар ч хүчин зүйлсийн эрэлтэнд дараах үндсэн 3 хүчин зүйлс нөлөөлнө.

l Уг нөөцийн тусламжтайгаар үйлдвэрлэх бүтээгдэхүүний эрэлтийн өөрчлөлт

l Уг нөөцийн бүтээмжийн өөрчлөлт

l Бусад хүчин зүйлийн үнэ: Харилцан орлох болон хослох шинжтэй хүчин зүйлсийн үнэ нөлөөлнө.

7.2 Хөдөлмөрийн зах зээл

Ямар нэгэн ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүний биеийн болон оюуны хүчний зарцуулалтыг хөдөлмөр гэнэ.

Хөдөлмөр зарцуулалтын хэмжээг ажлын цагийн үргэлжлэх хугацаагаар хэмжинэ. Ажлын цагийн үргэлжлэл нь тодорхой хязгаартай бөгөөд 2 хүчин зүйлээр хязгаарлагдаж байдаг. Учир нь:

Хөдөлмөрлөх үед зарцуулагдсан хүч энергиэ нөхөн сэргээхийн тулд унтаж амрах хооллох зэрэг физиологийн хэрэгцээт цагийг зайлшгүй зарцуулна.

Ажлын цагийн үргэлжлэл нь хүний оюуны хэрэгцээг хангахад чиглэгдсэн нийгмийн шинжтэй хүчин зүйлээр /сонин унших, зурагт үзэх г.м./ хязгаарлагдаж байдаг.

Ажлын бус буюу чөлөөт цагт зарцуулагдах дээрх цаг хугацаа хэдийгээр орлого олоход ашиглагдахгүй ч хүний үр бүтээмжтэй хөдөлмөрийн үндэс нь болж өгдөг.

Хөдөлмөрийн үр дүн нь тухайн хөдөлмөрийн эрчим бүтээмжээс шалтгаална. Хөдөлмөрийн эрчим нэгж хугацаанд зарцуулагдсан биеийн ба оюуны хүч энергийн түвшингээр тодорхойлогддог бол хөдөлмөрийн бүтээмж нь нэгж хугацаанд /1 цаг, 7 хоног, 1 сар, 1 жил г.м./ үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний тоо хэмжээгээр /гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр тодорхойлогдоно. Шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүнд биеийн хүчний зарцуулалт буурч оюуных нэмэгдэн хөдөлмөрийн бүтээмж дээшлэх зүй тогтолтой. Хөдөлмөр нь хувь хүн, өрхийн аж ахуйн нэгжийн мэдэлд байдаг тул зах зээлд хөдөлмөрөө нийлүүлэх талаар шийдвэр гаргахдаа ажлын болон чөлөөт цагийн хооронд сонголт хийж байдаг. Цалин хөлс нь хэрэглэгчдийн орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг тулд өргөн хэрэглээний барааны эрэлт болон үнийн түвшинд чухал нөлөөтэй байдаг. Цалин хөлс нь хөдөлмөрийн үнэ юм. Өөрөөр хэлбэл хүний хөдөлмөрийг ашигласаны төлөө түүний тоо чанарт нийцүүлэн төлөх мөнгөн төлбөрийг цалин хөлс гэнэ.

Цалинг нэрлэсэн болон бодит цалин гэж нэрлэдэг.

l Нэрлэсэн цалин гэдэг нь ажилчины 1 цаг 1 хоног г.м. тодорхой хугцаанд зарцуулсан хөдөлмөрийнхөө төлөө авч буй мөнгөн төлбөрийн дүн юм. Нэрлэсэн цалингийн хэмжээ нь орлогын ерөнхий түвшинг харуулах боловч хүний амьжиргааны түвшинг харуулдаггүй ийм бодит цалин гэсэн нэр томъёог авч үздэг.

l Бодит цалин гэдэг нь нэрлэсэн цалингаар худалдан авч чадах бараа үйлчилгээний тоо хэмжээ юм. Бодит цалин нь нэрлэсэн цалинтай шууд өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэтэй урвуу хамааралтай байдаг. Бодит цалингийн өөрчлөлтийг дараах аргуудаар тооцож болно.

DWr (%)=DWn - DP буюу DWr = DWn / DP

DWn – нэрлэсэн цалингийн өөрчлөлт

DP – хэрэглээний үнийн өөрчлөлт

Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлт үнэ бүрдэлтийн шинж чанараас хамааруулж хөдөлмөрийн зах зээлийн хэд хэдэн загвараар тайлбарлаж болно Үүнд:

Өрсөлдөөнт загвар

Монопсонь загвар

Үйлдвэрчний эвлэлийн нөлөө бүхий загвар

Боловсролын түвшин ахих тусам цалин хөлсний түвшин дээшилнэ. Иймд боловсролд зориулж их хөрөнгө мөнгө зарсан хүн ирээдүйд илүү цалин авдаг байна. Гэхдээ эзэмшсэн боловсрол мэргэжлээ зөв зохистой ашигласан нөхцөлд тухайн хүний бүтээмж дээшилж цалин хөлс нь нэмэгддэг.

7.3 Капиталын зах зээл

Капитал гэдэг нь “ capitalis “ буюу үндсэн эд хөрөнгө гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Гэхдээ энэ нэр томьёо нь материаллаг эд зүйлс болон материаллаг бус хүчин зүйлсийг багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм. Капиталын талаар янз бүрийн үзэл баримтлал байдаг боловч капитал нь дараах үндсэн шинжийг агуулдаг байна. Үүнд:

Үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад ашиглагддаг зүйлс

Харьцангуй урт хугацаагаар хэрэглэгддэг зүйлс

Орлого авчирдаг үнэт зүйл

Янз бүрийн хэлбэртэй зэрэг болно.

Эндээс харьцангуй урт хугацааны турш үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад ашиглагддаг, хүний хөдөлмөрөөр бүтээгдсэн өмчлөгч эзэндээ ирээдүйд орлого оруулж байдаг янз бүрийн хэлбэртэй үйлдвэрлэлийн үнэт нөөцийг капитал гэж томьёолж болно. Иймд капиталд байшин барилга, машин техник, тоног төхөөрөмж, түүхий эд материал зэрэг эд агуурсын зүйлээс гадна хүний хуримтлуулсан мэдлэг боловсрол, мэргэжил туршлага, чадвар зэрэг хүний оюуны хүчин зүйлсийг ч оруулан тооцож болно.

Капиталыг үйлдвэрлэлд гүйцэтгэх үүрэг, шинж чанараас нь хамааруулж: үндсэн капитал (үндсэн хөрөнгө), эргэлтийн капитал (эргэлтийн хөрөнгө) гэж ангилна. Үйлдвэрлэлийн процесст удаан хугацааны турш оролцдог, өөрийн биет хэлбэрээ хэвээр хадгалдаг, өртгөө шинэ бүтээгдэхүүнд элэгдлийнхээ хэмжээгээр хэсэг хэсгээр шингээж байдаг хөрөнгийг үндсэн хөрөнгө гэнэ. Эргэлтийн хөрөнгө гэдэг нь богино хугацаанд буюу үйлдвэрлэлийн нэг циклд бүрэн хэрэглэгдэж, хэлбэр дүрсээ өөрчлөн шинэ бүтээгдэхүүнд өртгөө бүрэн шингээдэг хөрөнгийг хэлдэг.

Капиталыг ашиглалтын хугацаагаар нь урт, дунд, богино хугацааны капитал гэж 3 ангилна. Урт хугацааны капиталд- зам, шуудуу, байшин барилга. Дунд хугацааны капиталд-машин техник, тоног төхөөрөмж. Богино хугацааны капиталд-түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн орно.

7.4 Газрын зах зээл

Эдийн засгийн янз бүрийн салбаруудад газрын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол харилцан адилгүй байдаг. Тухайлбал: боловсруулах үйлдвэрт газар үйлдвэрлэлийг байршуулах суурийн үүрэг гүйцэтгэдэг байхад олзборлох аж үйлдвэрт газрын гүн дэх ашигт малтмал чухал үүрэгтэй. Харин эдгээр салбарын үр дүнд газрын үржил шим ямарч ач холбогдолгүй. Тэгвэл хөдөө аж ахуйд газар нь энэ салбарын оршин хөгжих материаллаг үндэс төдийгүй үйлдвэрлэлийг явуулах хамгийн чухал хүчин зүйл болдог.

Үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлстэй харьцуулахад газар нь хэд хэдэн онцлог шинжтэй. Үүнд:

Газраас бусад үйлдвэрлэлийн бүх хэрэгсэл (машин, барилга) хүний хөдөлмөрийн үр дүн бол газар байгалийн өөрийнх нь бүтээл. Газрыг хэн ч үйлдвэрлэж чадахгүй.Туйлын утгаар нь авч үзвэл газрыг орлох үйлдвэрлэлийн өөр хүчин зүйл байхгүй. Энэ нь газрын хөрсний үржил шим хэмээх онцгой шинж чанартай холбоотой. Хөрсний үржил шимийг байгалийн, зохиомол, эдийн засгийн гэж ангилдаг. Урт удаан хугацааны турш байгалийн жамаар хөрсний өнгөн хэсэгт бүрэлдэн бий болсон ургамал ургах нөхцлийг хангасан хөрсний чадварыг байгалийн үржил шим гэнэ. (1см 200-300 жил) Хүмүүс газрыг хагалж боловсруулах, бордоо хэрэглэх, услах замаар газарт нэмэлт хөрөнгө, хөдөлмөр зарцуулж хөрсний үржил шимийг сайжруулсаныг зохиомол үржил шим гэнэ. Гэхдээ хөрсний үржил шимийн эдгээр төрлүүд салангид биш нэгдмэл байдаг онцлогтой. Байгалийн ба зохиомол үржил шимийн нэгдлийг эдийн засгийн үржил шим гэнэ.Газар талбайн хэмжээгээрээ хязгаарлагдмал байдаг. Газраас бусад үйлдвэрлэлийн хүчин зүйлс тоо хэмжээгээрээ байнга өсөн нэмэгдэж байдаг бол газрын хэмжээг тэлж нэмэгдүүлэх бололцоогүй.Газрыг 1 орон зайгаас нөгөөд шилжүүлэн ашиглах боломжгүй.Газрын хэсэг бүр нь чанараараа харилцан адилгүй. Үржил шим, байршил (зах зээлээс алслагдсан байдал), ашигт малтмалын нөөц, агууламж зэрэг шинжүүдээрээ ялгаатай байна. Газрыг ямар зорилгоор ашиглах гэж байгаагаас хамаарч төрөөс хууль гарган зохицуулдаг. Монгол улсад газартай холбоотой бүхэл бүтэн багц хууль үйлчилж байна.

Газар өмчлөл, газрын зах зээлтэй холбоотойгоор газрын рент, түрээсийн төлбөр зэрэг нь газрын орлогыг бий болгодог. Газрын рент нь газрын эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог. Газрын эрэлт гэдэг нь газрыг авч ашиглах, газар дээр үйл ажиллагаа явуулах гэсэн хүмүүсийн сонирхлыг илэрхийлнэ. (Өөрөөр хэлбэл эрэлт нь үүсмэл шинжтэй. Түүнийг ашиглан үйлдвэрлэх бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаална.) Газрын нийлүүлэлт гэдэг нь газар эзэмшигчдийн газраа худалдах, эсвэл түрээсээр ашиглуулах сонирхолыг илтгэнэ. Газрын нийлүүлэлт богино хугацаанд өөрчлөгдөх боломжгүй мэдрэмж муутай байдагч урт хугацаанд намаг хатаах зэргээр газрын нийлүүлэлтийг нэмэгдүүлж болдог. Газрын нийлүүлэлт харьцангуй мэдрэмж муутай учраас босоо шулуунаар нийлүүлэлтийн муруйг төлөөлүүлдэг.


Бичсэн: tulgaa | цаг: 17:15 | Нийгмийн ухаан
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих