2011-04-10
Хэлмэгдүүлэлтийн он дарааллын бичээс
0Share
Их Хэлмэгдүүлэлтийн он дараалалын бичээс

20 зууны эхэн Монгол оронд нийгмийн хувьсгал өөрчлөлт дүүрэн өрнөсөн жилүүд байлаа.
1911 онд Монгол Улс Манжийн чөлөөнөөс гарч тусгаар тогтнолоо зарлав.
1919 онд Хятадын гоминданыхан Монголын автономит төрийг устгав.
1921 онд Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх зорилготой Ардын нам байгуулагдаж Зөвлөлт Оросын тусламжтайгаар цагаантны үлдэгдлээс эх орноо чөлөөлөв.

Монгол ардын анхны Засгийн газар 1921 оны долдугаар сард байгуулагдав.
Анхны Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайд, Гадаад яамны сайд Бодоо, Дотоод яамны сайд Да лам Пунцагдорж, Сангийн сайд Данзан, Цэргийн яамны сайд Сүхбаатар, Шүүх яамны сайд Магсар хурц, Засгийн газар эрхэлсэн түшмэл Батхан, Засгийн газрын зөвлөх, Коминтерний төлөөлөгч Ренчино нарын долоон хүн батлагдав.
Монгол дахь хэлмэгдүүлэлтийн гараа 1921 оны арванхоёрдугаар сараас эхэлсэн юм.
• 1921 оны арванхоёрдугаар сард нийслэл Хүрээнд Саж ламын хэрэг хэмээх улс төрийн зохиомол хэргийг улаантнууд дэгдээж ямар ч гэмгүй 48 монгол хүнийг буудан хороов.
• 1922 оны наймдугаар сард улаантнууд Ерөнхий сайд асан Бодоо, Дотоод яамны сайд асан Да лам Пунцагдорж, Түр Засгийн газрын Ерөнхий сайд асан Чагдаржав нарыг хилс хэрэгт гүтгэн буудан хороов.
1924 оны наймдугаар сард Ерөнхий сайдын орлогч Солийн Данзанг Монгол эх орноо улаантан Оросын нөлөө, Оросын улаантны үзэл суртлаас ангид байлгах, эх орноо Швейцарь лугаа гурав дахь орон мэт төвийг сахин хөгжүүлэх, хөрөнгө өмчийн харилцааг чөлөөтэй хөгжүүлэх гэсэн зөв эрмэлзлэлийнх нь төлөө түүнийг буудан хороов. Ийнхүү Ардын намын анхны долоогоос Данзан, Бодоо, Чагдаржав, Лосол, Догсом нар буудагдан хороогдож, Сүхбаатар өвчнөөр нас барж, анхны зургаа нь богино хугацаанд үгүй болов. Анхны Засгийн газрын долоон хүнээс Ринчиногоос бусад нь үхжээ.

1924 онд Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж уг Үндсэн хуулиндаа коммунист үзлийг үндэслэгч К.Марксын Коммунист намын тунхаглалын үзэл санааг тусгаж хуульчлан батлав. Энэхүү Үндсэн хуулиар ард түмнээ дарлагч, дарлагдагч хэмээн хоёр үндсэн хэсэгт хувааж, угсаа залгамжилсан ноёд тайж язгууртнууд, буддын шашны лам хуврагуудыг дарлагч анги-ангийн дайсан хэмээн зарлаж улс төр, өмчийн бүх эрхийг нь хасав.
• 1930 оны МАХН-ын VIII Их хурлаар социализм байгуулах зорилт тавьж, ноёд, тайж, лам хуврагуудыг феодал хэмээн зарлаж, тэднийг эрс эсэргүүцэх төрийн бодлогоо улам хүчтэй болгов.
Монголын буддын лам хуврагыг устгах бодлогыг 1933 оноос улам хүчтэй явуулж 1937 онд хэлмэгдүүлэлт дээд цэгтээ хүрэв.
• 1935 онд Москвад Кремльд ЗХУ-ын удирдагч И.Сталин, Гадаад хэргийн сайд Молотов нар Монголын удирдагч Гэндэн, Дэмид нарыг хүлээн авч "Та нар хүчирхэг улаан арми байгуулаад буддын лам хувраг нараа бүгдийг нь устгах хэрэгтэй. Та нар лам нараа устгах талаар юу ч хийхгүй байна. Намынхаа шилдэг 200 гишүүдийг буддын сүм хийд рүү илгээж лам нарыг дотроос нь хагалан бутарга. Большевикууд бид ч гэсэн намын шилдэг гишүүдийн тусламж тайгаар оросын үнэн алдартны санваартан хуврагуудыг ингэж устгаж чадсан" хэмээн даалгавар өгч байв.
Ийнхүү Монголын буддын лам нарыг устгах их хэлмэгдүүлэлт Монголд эхэлсэн юм.
• Х.Чойбалсан 1937 онд Цэргийн яамны сайд болж бүх эрх мэдлийг гартаа авсны дараа улаан хядлага буюу их хэлмэгдүүлэлтийн ажлыг гардан зохион байгуулав.

Х.Чойбалсан 1937 онд ЗХУ-ын Дотоод хэргийн комиссар Ежовт бичсэн албан захидалдаа "1937 оны эхээр бид 1600 лам хуврагийг баривчилж, чангаар шийтгэв. Чойбалсан миний бие буддын лам нарыг устгах ажлыг эрчимтэй явуулахыг өөрийн ариун үүрэг болгоно" хэмээн бичиж байв.
Хамгийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүс бол буддын лам хуврагууд юм. 1924-1938 онуудад улаантнууд буддын сүм хийдийн зургаан мянган, жасын 3.0 сая мал сүрэг, тэр үеийн ханшаар 60.0 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авав.
Монголын 800 шахам сүм хийдийн 71.0 тонн алт, мөнгө, гуулин бурхад, эд зүйлсийг Зөвлөлт улсад шилжүүлсэн байна.
1924 онд Монголд 112.0 мянган буддын лам хуварга байсан байна. Энэ тоо эрчимтэй буурч 1937 онд 70.0 мянган лам хуварга болсон байна.
• 1937 онд улаантнууд Мон-олын ард түмний таван зууны турш бүтээн байгуулсан 800 шахам буддын сүм хийд, 3000 буддын дацанг
нурааж шатааж устгав. 70.0 мянган лам хуврагийн ихэнхийг алж хороон, үлдсэнийг нь шоронд арван жилээр хорьж заримыг нь хүчээр хар болгов.
1934 онд улаантнууд буриадуудыг цагаантны үлдэгдэл, японы тагнуул хэмээн нэр зүүж Хэнтийн бүлэг, Дорнодын бүлэгхэмээн улс төрийн зохиомол хэрэг гаргаж хэдэн зуун хүмүүсийг буудан хороов.
1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө Х.Чойбалсангийн тушаалаар хэдэн мянган гэм зэмгүй хүмүүсийг баривчлав. Тэр шөнө 2100 хүнийг баривчилж, 317 ямар ч гэмгүй хүнийг буудан хороожээ.
1937 онд ЗХУ-ын Дотоодыг хамгаалахын төлөөлөгч Фриновский гэгч Монголд ирж "Загоров-хуйвалдаан" гэгч улс төрийн зохиомол хэрэг дэгдээж ямар ч гэмгүй 115 монгол хүнийг нэг шөнө баривчилж бүгдийг нь буудан хороов. Энэхүү 1937 оны улаан террор буюу улаантны хядлагын үеэр 12.0 мянган монгол хүн алагдав.

1937 онд Чойбалсан "өөрийгөө илчлэх" тушаал гаргаж үүний балгаар Монголын 761 хүн өөрийгөө илчилж баривчлагдав.
• 1937-1938 онд Ерөнхий сайд П.Гэндэн, Ерөнхий сайд Амар нарыг баривчлан ЗХУ-д хүргүүлэн буудан хороов. Их хэлмэгдүүлэлтийн
үед Монгол Улс эрэгтэй хүмүүсийнхээ 20.0 хувийг алджээ. Монголын түүхэнд Монгол Улс ямар ч дайнд ийм их хүнээ алдаж байгаагүй билээ.
• Их хэлмэгдүүлэлт 1937 оноор дууссангүй. 1947 онд Порт Артурын хэрэг хэмээх зохиомол хэргээр японы тагнуул хэмээн хэдэн арван
гэмгүй хүнийг баривчилж хороов.
• 1944 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Ламаадан хэмээх арван настай хувилгаан хүүхдийг Дотоодыг хамгаалахынхан баривчилж буудан хороов. Ламаадан хүүгийн ээж, аавыг нь ч мөн буудан хороожээ.
1949 онд Монгол анхдугаар таван жилийн төлөвлөгөө батлагдаж, ноосны төлөвлөгөө биелүүлээгүй малчдыг шоронд хорьж шийтгэдэг болов. 1958 онд Сэхээтний төөрөгдөл хэмээх улс төрийн зохиомол хэрэг дэгдээж олон арван сэхээтнүүдийг хөдөө нутаг заав.
• 1959 онд улаантнууд хөдөөний малчдыг хэдэн арван сая мал сүргийг хүчээр хураан авч нийгэмчлэв. Нийгмийн малыг хорогдуулсан, алдсан малчдыг шоронд хорьж шийтгэдэг болов. Үүнээс үүдэж "нэгдлийн ялтай мал" гэсэн ардын үг гарав.
• 1960 онд соёлын довтолгоо гэгчийг явуулж Монгол ардын ёс заншлыг устгаж оронд нь социалист ёс суртахуун гэгчииг хүчээр тулгав.
Малчид хөдөөд цагаан сараа хүртэл тэмдэглэж чадахаа болив. Овооны наадам, хүүхдийн даахь үргээх, ардын хурим найр зэрэг ёс байхгүй болов.
• 1962 онд Д.Төмөр-Очирыг Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэж үндэсний үзэл гаргав хэмээн бүх албан тушаалаас нь буулгаж хөдөө нутаг заав.
1965 онд МАХН-ын Бүгд хурал дээр Ю.Цэдэнбал даргын болон түүний тойрон хүрээлэгчдийн алдаа завхралыг шүүмжилж, эх орноо хэрхэн хурдан хөгжүүлэх талаар санал гаргасан Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарыг намын эсрэг бүлэглэл хэмээн улс төрийн зохиомол хэргээр ял тулгаж, хэдэн арван сэхээтнийг хөдөө нутаг заав. Лоохуузыг хөдөө хоньчин болгож, Сурмаажавыг Бэрхийн уурхайд ажилчин болгожээ. Намын эсрэг бүлэглэлийн хамсаатан хэмээн тэдний найз нөхөд бүү хэл, эхнэр хүүхдийг нь хүртэл ажил, сургуулиас нь гаргаж хөдөө цөлж байв.
• 1974 онд яруу найрагч Р.Чойномыг улс төрийн эсэргүү шүлэг бичсэн хэмээн таван жил шоронд хорив.
• 1975 онд нэрт эрдэмтэн Б.Ренчиний эсрэг Намын амьдрал сэтгүүлд түүнийг цагаатны үлдэгдэл, хуучны ёсыг баримтлагч феодал хэмээн гүтгэж дайрсан өгүүлэл гарч үүнээс болж их эрдэмтэн таалал төгсөв.
• Наяад оны эхээр ШУА-ийн тэргүүн Ширэндэвийг огцруулж, улс төрийн гишүүн Жалан-Аажавыг бүх албан тушаал нь зайлуулж түүнийг хөдөө аймгийн нэгэн сумын бригадын тоо буртгэгч болгов. Хэлмэгдүүлэлт ийнхүү 1984 хүртэл ургэлжлэв.
1984 онд Монголын төр засгийг 40 жил удирдсан Ю.Цэдэнбалыг улс төрийн тавцангаас буулгаж оронд нь аядуу зөөлөн бодлого баримталсан Ж.Батмөнх Монголын төрийн тэргүүн болсноор хэлмэгдүүлэлт аажмаар намжсан юм.
1989 онд Монголд ардчилсан хувьсгал тайван замаар ялснаар Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлсэн эрх чөлөөт орон болов. Хэлмэгдүүлэлт үүгээр эцэс болов. Жаран жилийн хар дарсан зүүд үүгээр дуусав.
Монголчууд бид 89 жилийн өмнө Монгол оронд тохиосон Их хэлмэгдүүлэлтийн эмгэнэлт үйл явдлыг мартаж болохгүй билээ. Их хэлмэгдүүлэлтэнд өртсөн Монголын мянга мянган эх орончдоо бид мартаж болохгүй билээ.
Улаан коммунистуудын буруу үзэл суртал, улс төрийн харгис дэглэм, эртний түүх соёлт Монголын ард түмнийг бүтэн жаран жил хэрхэн тарчлаан зовоосныг түүх мартаагүй байна. Хэлмэгдүүлэлтийг дахин хэзээ ч гаргахгүй байх зорилгоор монголчууд бид түүхийн үнэнийг өсвөр хойч үедээ ойлгуулж өгөх нь зүйтэй билээ.

Бичсэн: tulgaa | цаг: 22:46 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих