2011-04-10
НҮБ-ийн тухай
0Share
Нэгдсэн үндэстний байгууллагын тухай

Өнөөгийн олон улсын хамгийн түгээмэл байгууллага, түүний зорилго, гол үйл ажиллагаа

     Дэлхийн II дайны дараа АНУ, ЗСБНХУ, Англи тэргүүтэй ялсан орнууд дэлхийн шинэ дэг журмыг бий болгох, нийт хүн төрөлхтнийг шинэ дайны аюулаас сэрэмжлэн хамгаалах, бүх нийтийн энх тайвныг сахин хамгаалж байх олон улсын байгууллагыг бий болгох нь зүйтэй гэж үзсэн юм. Энэхүү олон улсын түгээмэл шинж чанартай байгууллагыг 1945 оны 10-р сарын 23-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нэртэйгээр байгуулж дүрмийг нь баталсан. Энэ байгууллагын нэрийг дэлхийн II дайны гал ид дүрэлзэж байсан үе буюу 1942 онд Фашизмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн дэлхийн 26 орны гаргасан “Нэгдсэн үндэстэн” хэмээх тунхагийн нэрээс авчээ.

НҮБ-ийг бий болгосон шалтгаан

    НҮБ нь өнөөдөр дэлхийн хамгийн нэр хүндтэй, түгээмэл шинж чанартай байгууллага болж чадсан бөгөөд дэлхий нийтийн итгэл найдвар, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж, олон  улсын хамтын нийгэмлэгийн уур амьсгалыг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, НҮБ нь олон улсын түгээмэл чанартай байгууллага төдийгүй дэлхий нийтээрээ амин чухал асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж байдаг “индэр” юм.

    Өдгөө дэлхий дээр 180 орчим олон улсын томоохон байгууллага байна. Тэдгээрийн ихэнх нь өөрсдийнхөө дотоод бүтцийг НҮБ-ын бүтцийн загвар болгон гаргаж авчээ.

НҮБ-ын гол байгууллагууд

    НҮБ нь дотоод бүтцийн хувьд зургаан гол байгууллагаас бүтнэ. Үүнд

Ерөнхий Ассамблей нь НҮБ-ын бүх гишүүдээс бүтнэ. Бүх улс орон хөгжлийн түвшин, улс төрийн байгууламж, хүн амын тоо зэргийг харгалзахгүйгээр эрх зүйн хувьд тэгш эрх эдэлнэ. Тэгэхдээ амьдрал дээр их, дунд хэмжээний улс гүрнүүд болон буурай улсуудаас эрх үүргээ хамгаалах, хэрэгжүүлэх чадварын ялгаа олон хэлбэрээр илрэн, НҮБ-ын шийдвэрүүдэд тусгалаа олох явдал нэлээд байдгийг үгүйсгэх аргагүй. Ерөнхий Ассамблей бол дэлхийн энх тайван, эдийн засаг, нийгмийн болон бусад салбарт олон улсын хамтын ажиллагааны дөхөм үзүүлэх, НҮБ-ын дээд байгууллага юм. Ассамблей нь НҮБ-ын дүрмийн хүрээнд аливаа нэг асуудлыг хэлэлцэж зөвлөмж боловсруулна. Ассамблейгаас гаргасан зөвлөмж нь дэлхий нийтийн санаа бодолд ёс суртахууны нөлөө үзүүлэхээс биш засгийн газруудад тодорхой үйлдлийг хийлгэхээр албадах улс төрийн эрх мэдэл байдаггүй.

    Аюулгүйн зөвлөл бол олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах бэхжүүлэх талаар, НҮБ-ын үндсэн үүргийг биелүүлэхүйл ажиллагааны гол механизм нь юм. Аюулгүйн Зөвлөл үүргээ биелүүлэхдээ НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмыг баримталж, нийт гишүүдийн нэрийн өмнөөс ажиллахаа дүрмэндээ заасан. Аюулгүйн Зөвлөл 15 гишүүнээс бүрддэг бөгөөд АНУ, ОХУ, Англи, Франц, БНХАУ нь тус зөвлөлийн байнгын 5 гишүүн учраас улиран сонгогддог. Аюулгүйн Зөвлөлөөс гарах аливаа шийдвэр нь түүний байнгын гишүүдийн зөвшөөрлөөр гарах бөгөөд аль нэг нь зөвшөөрөөгүй тохиолдолд эцсийн шийд гарах боломжгүй. Иймд бүгд нэгэн зөвшилд хүрэх нь тийм ч хялбар биш. Гэвч ямар нэг байдлаар зөвшилцөлд хүрдэг байна. Бусад 10 гишүүн нь байнгын бус гишүүн гэж нэрлэгддэг. Ийм гишүүн нь 2 жилийн хугацаагаар сонгогддог.

    Байнгын бус гишүүдийн сонгуульд газарзүйн бүсүүдийг шударгаар төлөөлүүлэх зарчмыг баримталдаг. Тухайлбал, Ази Африкийн бүлгээс 5, Латин Америк ба Карибын бүлгээс 2, Өрнөд Европын улсууд ба Канад, Австрали, Шинэ Зеландын бүлгээс 2, Дорнод Европын бүлгээс 1 гишүүн сонгогдож байхаар хуваарилсан байдаг.

    Аюулгүйн Зөвлөл нь НҮБ-ын бусад байгууллагуудыг бодвол илүүулс төрийн хүчин чадалтай байдаг бөгөөд дэлхийн энх тайван аюулгүй байдлын талаархи гол хариуцлагыг өөртөө хүлээдэг. Сүүлийн жилүүдэд энэхүү Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр Иракаас Кувейтыг чөлөөлж, Югославын нутаг дэвсгэр рүү цэргийн хүчээр орж, Косовог хамгаалсныг бид мэднэ.

    Эдийн засаг, Нийгмийн зөвлөл нь НҮБ-ын нэг гол асуудал эрхэлсэн байгууллага юм. Энэ зөвлөлийг Ерөнхий Ассамблейгаас 54 гишүүнтэйгээр 3 жилийн хугацаатайгаар сонгодог. Азиас 11, Африкаас 14, Латин Америкаас 10, Өрнөд Европ бас бусад улсын бүлгээс 13, Дорнод Европын бүлгээс 6 гишүүн тус тус сонгодог журамтай. Эдийн засаг, Нийгмийн зөвлөлийн чиг үүрэг нь:

    НҮБ, түүний системийн 16 төрөлжсөн байгууллага, мөн туслах салбар байгууллагуудын эдийн засаг, нийгмийн талын үйл ажиллагааг зохицуулан чиглүүлнэ.

    Олон улсын эдийн засаг, нийгмийн асуудлыг хэлэлцэж байх эрхийнхээ дагуу улс орнуудад хамаарах зөвлөмж гаргана.

    Эдийн засаг, экологи, нийгмийн харилцааны салбарууд /соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах/ түүнчлэн хүний эрхийг хүндэтгэх асуудлаар судалгаа хийх, итгэл гаргах, гэрээ конвенц боловсруулах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулна.

Олон улсын шүүх нь НҮБ-ын бүтэц болон үйл ажиллагаанд чухал байр эзэлдэг. Олон Улсын Шүүхийн 15 шүүгчийг Аюулгүйн зөвлөл болон Ерөнхий Ассамблей 9 жилийн хугацаагаар тус тусдаа санал хурааж сонгодог. Тус шүүх нь эрх зүйн чанартай маргаануудыг авч, хэлэлцэх, эрх зүйн талаар зөвлөмж дүгнэлт гаргах эрхтэй.

Асрамжийн Зөвлөмж нь Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүнээс бүрдэнэ. Зөвлөлийн асрамжинд авсан 11 нутаг дэвсгэрийн 10 нь тусгаар тогтнолоо олсноос, эрхлэх ажил нь үндсэндээ дууссан. Тиймээс эрхлэх асуудлын чиглэлийг өөрчлөх санал сүүлийн үед их гарч байна.

Нарийн бичгийн дарга нарын газар нь НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах чухал үүрэгтэй. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ажлыг нь удирдан зохицуулж ажилладаг.

НҮБ-д гол байгууллагуудаас гадна Ерөнхий Ассамблейн зургаан үндсэн хороо, олон тооны комисс ажиллаж байна. Жишээлбэл:

    Зэвсэг хураах ба Олон улсын аюулгүйн байдлын хороо

    Эдийн засаг санхүүгийн хороо

    Нийгэм, хүмүүнлэг, соёлын хороо

    Улс төрийн тусгай асуудал ба колоничлолыг устгах асуудлын хороо

    Захиргаа төсвийн хороо

    Эрх зүйн хороо

 

НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

 

    НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд нь НҮБ-тай ижил төрөл, хамтын ажиллагааны холбоотой болсон засгийн газар хоорондын байгууллага юм. Эдгээр нь эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан-технологийн болон хөгжлийн бусад салбарт, мөн хүмүүнлэгийн асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.

    Төрөлжсөн байгууллагуудын НҮБ-тай тогтоосон харилцаа нь тэдний үйл ажиллагааг НҮБ-ын зорилго зарчимтай нийцүүлж, дэлхийн энх тайван дэвшлийн үйлсэд тус дөхөм үзүүлэхэд чиглэнэ. Төрөлжсөн байгууллагуудыг үйл ажиллагааны чиг үүрэг, чиглэлээр нь дор дурьдсан үндсэн хэсэгт ангилна:

1.    Эдийн засгийн чиглэл /худалдаа,  санхүү, холбоо, зам тээвэр/-ийн үйл ажиллагаатай 12 төрөлжсөн байгууллага багтана:

    Олон улсын шинэчлэл ба хөгжлийн банк /дэлхийн банк/

    Олон улсын санхүүгийн корпораци

    Олон улсын хөгжлийн ассоциац

    Олон улсын хөрөнгөоруулалтын баталгааны агентлаг

    Олон улсын валютын сан

    Хүнс хөдөөаж ахуйн байгууллага

    Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага

    Олон улсын далайн байгууллага

    Дэлхийн шуудангийн байгууллага

    Олон улсын цахилгаан холбоо

    Дэлхийн цаг уурын байгууллага

    Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан

    НҮБ-ын үйлдвэр хөгжлийн байгууллага /ЮНИДО/

2.    Нийгэм эрүүл мэндийн төрөлжсөн байгууллага багтана. Үүнд:

    Олон улсын хөдөлмөрийн байгууллага

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

3.    Шинжлэх ухаан, боловсрол, соёлын төрөлжсөн байгууллага багтана. Үүнд:

    НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/

    Дэлхийн оюуны өмчийн байгууллага

Олон улсын харилцаанд НҮБ-ын системийн байгууллагууд гэсэн нэр томъёог өргөн хэрэглэдэг. Энэхүү системд НҮБ болон дээр дурьдсан төрөлжсөн байгууллагуудаас гадна онцгой статустай гэгддэг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблей хийгээд эдийн засаг, нийгмийн зөвлөлийн туслах салбар байгууллагууд багтана. Тухайлбал:

-    НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллага /ЮНКТАД/

-    Хүрээлэн буй орчны хөтөлбөр

-    НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр/UNDP/

-    НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/

 

 

 


Бичсэн: tulgaa | цаг: 22:47 | Нийгмийн ухаан
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


sain bnu
nubiin durem juramiin tuhai maileer avj boloh u bayarlalaaa
yanjika_b@yahoo.com
Бичсэн: yanjika цаг: 21:12, 2011-04-12 | Холбоос | |


sain bnu nubiin durem juramiig tuhai mail eer vavj boloh u
Бичсэн: yanjika цаг: 21:11, 2011-04-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих