2011-04-11
Эртний улсууд Кидан гүрэн


Кидан гүрэн

Кидан нар нь эртний дунху нараас гаралтай бөгөөд монголчуудтай нийтлэг нэг гаралтай юм. Кидан хэмээх угсаатны нэр анх МӨ IV зууны сүүл үеэс түүхэнд нэр тэмдэглэгдэх болсон ажээ. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Улмаар Амбагян болон түүнийт залгамжлагчид хөрш зэргэлдээ нүүдэлчид болон Хойд Хятадын 16 муж улсыг эзлэн авчээ. Тэр үеэс Кидан улс их гүрний зиндаанд хүрч, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэх болов. Кидан гүрэнд нийт 50 гаруй аймаг, улс багтсан бөгөөд тэдгээр нь өмнөд, умард, гадаад гэж хуваагддаг байжээ. Улсын нутаг дэвсгэр нь дорнод далайгаас Алтайн уулс хүртэл, Туул голоос Хятадын цагаан хэрэм хүртэл өргөжижээ. Гэвч Кидан гүрэнд эзлэгдсэн зүрчид аймгийнхан 1118-1125 онд Хятадын Сүн улстай хүч хавсран Кидан гүрнийг мөхөөжээ. Киданы нэг хэсэг Монгол, Манжуур, умард Хятадад шинээр тогтсон Алтан улсад багтаж, Елюй Да-ши жанжин тэргүүтэй нөгөө нэг хэсэг нь Алтан улсыг дагалгүй баруун зүг одон Дундад азид Си Ляо /Баруун Ляо/ буюу Хар Кидан хэмээх нэрээр тэмдэглэгдэх болсон улсыг байгуулжээ.

Кидан гүрний хүн ам нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, соёлын хөгжлөөр харилцан адилгүй, нүүдлийн болоод суурьшмал хоёр янзын амьдралтай иргэдээс бүрэлдэж байв. Тиймээс Кидан гүрэнд мал аж ахуй, газар тариалан, худалдаа арилжаа, гар үйлдвэр нь бүс нутаг бүрийн онцлогтой хөгжиж байжээ. Кидан нарын эдийн болон оюуны боловсрол нь урьдах нүүдэлчин аймаг, улсуудаас нэлээд урагш ахисан байжээ. Киданы соёл нь нүүдэлчдийн соёлыг суурьшсан тариаланчдын соёлтой холбосон нэлээд содон шинжтэй байсан аж. Киданы нутгийн төв, өмнөд, зүүн өмнөд хэсэгт оршин суугсдын дунд хот балгад, сүм дуган, суврага, чулуун гүүр зэргийг барих арга ухаан нэлээд хөгжиж байв. VIII-Х зууны үед газар тариалан, гар урлалын хөгжлийг дагаад нэхмэл сургалт, тариалангийн арга ухаан, ялам ургуулах, хүр үржүүлэх зэрэг мэдлэг дэлгэрч байжээ.

Киданы соёл боловсролын хөгжилд гарсан том ололт нь Их, бага бичгүүдийг зохион хэрэглэсэн явдал болно. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. X зуунаас Киданд шүлэг магтаал, дуу, тэмдэглэл зэрэг утга зохиолын олон төрөл хөгжиж байв. Кидан гүрэнд кидан, хятад гэсэн эрдмийн хоёр хүрээлэн байсан ажээ. Кидан гүрний үед улсын албан түүх, шастир зохиох ажил амжилттай хөгжиж, олон алдартай түүхчид төрөн гарч байв. Бас киданчууд нутгийнхаа газрын зургийг зохиож, тайлбарыг хийсэн явдал нь газар зүйн ухааны хувьд чухал зүйл болжээ. Кидан нарын үндсэн шүтлэг нь бөө мөргөл байсан боловч будда, күнз, даосын сургаалтнууд бий болж байв. Кидан гүрний гадаад харилцааңд соёлын харилцаа чухал байр эзэлж байжээ. Кидан нар гадаад орнуудад ном судраар бэлэг явуулж, гаднаас мөн бичиг судрын зүйлсийг хүлээн авдаг байсан ажээ. Кидан гүрэн Төв Ази, Дорнод Азийн уудам нутагт амьдран суусан монгол, хамниган зэрэг аймаг угсаатны нийгэм, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн билээ.


Бичсэн: tulgaa | цаг: 16:49 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих