2011-05-11
Хабул хан

Чингис хааны элэнц эцэг Хабул хан нь 12-р зууны эхэн ба дунд үе буюу Кидан гүрэн мөхөж (1125) ба Зүрчидийн Алтан улс байгуулагдаж байсан (1115) цаг үед Боржигин, Тайчуудын овгуудыг нэгтгэсэн Хамаг Монгол аймгийн хан (ойролцоогоор 1123-1150) байжээ. Хабул хан Боданчар мунхагийн үр удам болох Тумбинай цэцний хүү бөгөөд түүний хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг болох Есүхэй баатарын эцэг болно. Хабул хан 1135 оны үед Өмнөд Хятадын Сүн улстай дайтаж байсан Алтан улс руу довтолж байжээ. Мөн Алтан улсын Шицзун хааны сахлыг согтуугаар татан зулгаасан гэж тэмдэглэгдсэн байдаг. Барьж авчирахаар илгээсэн элч нарыг нь Хабул хан устгажээ. Түүний хариуд Шицзун хаан цэрэг гарган илгээсэнд Хабул хан бут цохин ялалт байгуулжээ.

Түүний удаа дараагийн цэрэг дайны амжилтын дүнд Алтан улс Хамаг Монголын ханлигтай 1149-өөс 1150 оны үед найрамдлын гэрээ байгуулахад хүрч Хабулыг Хамаг Монголын хан хэмээн хүлээн зөвшөөрч байжээ. Хабул хан нас барахдаа өөрийн долоон хүүгээс бус харин Тайчуудын Амбагайд хан сууриа залгамжлуулан үлдээсэн байна. Амбагай хан тун удалгүй 1150 онд Татар аймагт баригдан Алтан улсад хүргэгдэн модон илжигт тэлэгдэн алуулсны дараа Хамаг Монголын хан сууринд Хабул ханы дөрөв дэх хүү Хутула хан суужээ.

Хабул хан Гоо Хулгуа гэдэг хатантай, Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хутула хан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэсэн долоон хүүтэй байсан байна. Хабул хан Боданчар мунхагийн үр удам бөгөөд Хиад Боржигин овгийн өвөг болно.


Бичсэн: tulgaa | цаг: 23:16 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих